Катар улс, Доха хот Катарын Үндэсний музейд “ON THE MOVE” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж буй “On the Move” тусгай үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2022 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн Соёлын Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Монголын орчин үеийн уран зургийн галлерейн захирал Б.Сарантуяа, МҮМ-н БОНХМА-ны дарга Ц.Оюунхишиг нар оролцлоо.
Катарын музейн захирал Эрхэмсэг хатагтай Шейха Аль-Маясса бинт Хамад бин Халифа Аль Тани үзэсгэлэнг нээсэн бөгөөд Монгол улсын зочдод баяр хүргэж, уг үзэсгэлэнд оролцож, нүүдэлчдийн соёлын өвийг тээж ирсэн Монголчуудын өв дурсгалууд Катар улсын Үндэсний музейд олон нийтэд хүрч буйд талархаж буйгаа илэрхийллээ.
“On the Move” нь Катар улсын үндэсний соёлын хөдөлгөөний нэг хэсэг “Qatar Creates”-ын арав гаруй үзэсгэлэнгийн нэг юм. Үзэсгэлэн нь Катар-MENASA 2022 оны соёлын жилийн үйл ажиллагаанд багтаж, үндэстэн, ард түмэн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой олон улсын соёлын солилцоо юм. Үзэсгэлэн нь Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн (MENASA) бүтээлч хүч, өв уламжлалыг тусгасан юм. Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь Катарын Үндэсний музей, Лусаил музей, Катарын Үндэсний номын сан, Катарын бусад музейн цуглуулга, Монгол улс, Улаанбаатар дахь Монголын Үндэсний музей, Орчин үеийн уран зургийн галлерей, Musée du Quai Branly in Paris, and Weltmuseum Wein in Vienna музей зэрэг олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдсэн юм.
Нүүдэлчин ард түмний аж амьдрал, түүх соёлыг уран зураг, түүхэн зураг, аман түүхийн сурвалж, архивын бичлэг, орчин үеийн гэрэл зураг зэрэг бүтээлүүдээр харуулсны сацуу, байгалийн хүнд ширүүн нөхцөлд давтагдашгүй нандин, үзэсгэлэнтэй өв, нийгмийн баялагийг хэрхэн бүтээж, хадгалж байсныг судлаж буй эрдэм шинжилгээний ач холбогдолтой юм.
Тус үзэсгэлэнг Колумбийн их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор Лила Абу-Луго удирдсан ба Катарын үзүүллэгийг Катарын Үндэсний музейн Нийгмийн түүх, угсаатны зүйн дэд куратор Таниа Аль Мажид, Катарын музейн Археологийн газрын захирал Файсал Аль Наими, Катарын Үндэсний музейн Кураторын асуудал эрхэлсэн захирал, доктор Хая Аль Тани, Сахарын үзүүллэгийг Доктор Анжа Фишер, Венийн их сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим, Монголын үзүүллэгийг Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн доктор Элизабет Турк нар тус тус удирдан бусад олон улсын музейн баг хамт олон хамтран ажиллалаа.
Уг үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2023 оны 1-р сарын 14 хүртэл үргэлжилнэ.