Нэгдүгээр танхим: Нэн эртний Монгол орон

Эртний түүхийн танхимаас монгол нутаг дахь эртний хүмүүсийн аж амьдралын хөгжил, соёлын онцлогийг илтгэсэн олон сонирхолтой эд өлгийн зүйлтэй танилцах боломжтой. Танхимд буй үзмэрүүдийн ихэнхийг эртний судлалын хайгуул, малтлага судалгааны үр дүнд илрүүлэн олсон бөгөөд он цагийн хувьд Хуучин чулуун зэвсгийн үеэс Төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх он цагийн хүрээнд хамаарагдана. Нэн эртний түүхэн үеийн тухай Эртний судлалын ухаанд хүн үүссэнээс эхлэн анхны төрт улс хүртэлх түүхэн үеийг Нэн эртний түүхийн үе гэж нэрлэдэг бөгөөд энэ түүхэн үеийг дотор нь эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж, зэвсгийн хувьсал хөгжилд нь тулгуурлан Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Төмөр зэвсгийн түрүү үе хэмээн хуваан үздэг. Нэн эртний түүхийн танхимыг дээрх түүхэн ангилалын дагуу зохион байгуулж дэглэсэн юм. Танхимын он цагийн дараалал
  • Хуучин чулуун зэвсгийн үе  НТӨ  800 000 - 15 000
  • Дунд чулуун зэвсгийн үе    НТӨ 15 000 - 8 000
  • Шинэ чулуун зэвсгийн үе  НТӨ  8 000 - 3 000
  • Хүрэл зэвсгийн үе-  НТӨ 3 000 -700 700
  • Төмөр зэвсгийн түрүү үе  НТӨ  700 – 209