Наймдугаар танхим: Социалист Монгол улс
Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, харийн эрхшээлд орсон хэдий ч нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг эрмэлзэгч хүчнүүд бий болж, нууц бүлгүүд үүсэн харийн дарлалаас ангижрах арга замыг эрэлхийлж байлаа. Эдгээрт консулын бүлгэм, хүрээний бүлгэм, язгууртнуудын бүлгэм багтана. Эдгээр бүлгэмүүд харилцан зорилго бодлогоо мэдэлцэх, ЗОУ-аас тусламж хүсэх, Сюй Шүжаны амь насанд халдахыг оролдох гэх мэт бололцоотой бүхий л алхмыг хийж байлаа. Оросыг хамарсан цагаатны хөдөлгөөн дарагдаж, иргэний дайн төгсгөлдөө орсон 1919? оны эцсээр Барон Унгерн монголд орж ирэв. Монголын төв засгийн эрх харийн түрэмгийлэгчдийн гарт ээлжлэн шилжиж, хятадын харгислал Бароны дэглэмээр солигдсон энэ үед монголын хувьсгалчдын үйл ажиллагаа идэвхжиж, 1921 оны ардын хувьсгал ялжээ. Тус онд Богд хаан Живзандамбыг хэмжээт эрхт хаанд өргөмжлөн, засгийн эрхийг Ардын Засгийн Газарт төвлрүүлснээ зарлав. 1924 онд анхны хууль батлагдан БНМАУ-ыг тунхаглав. Үндэсний бие даасан байдлыг хамгаалах хадгалахын төлөө тууштай тэмцэж агсан түшээд баруунтан хэмээгдэн буруутгагдаж, төр засгийн бодлогод Оросын нөлөөлөл хүчтэй болж, зүүнтний алдаа завхрал гүнзгийрлээ. Үүнээс үүдэн тус улсад ардыг хамарсан бослого хөдөлгөөн өрнөж, өмнөд хэсгийн аймгуудын ардууд хил даван дүрвэн, нүүж байв. Зүүнтний алдаатай бодлогын уршгаар лам нарын эрхийг боогдуулж, феодал агсдын хөрөнгийг хураасан нь тус улсын эдийн засгийн үндсийг ихээхэн сулруулсан юм.