Есдүгээр танхим: Ардчилсан Монгол улс

АРДЧИЛАЛ ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ  \1990-ээд оноос эдүгээ\ 1980-аад оны дунд үеэс СОЦ систем задран унах эхлэл тавигдсан бөгөөд 80-аад оны сүүлчээр ЗХУ-д “Өөрчлөн байгуулалт” эхэлж, Польшид коммунист нам ялагдал хүлээж, хэзээ ч эвлэшгүй гэгдэж байсан хоёр Герман улс нэгдэн, улмаар 1991 онд ЗСБНХУ задран тусгаар улсууд үүссэн байна. Дэлхий дахины энэ байдлын нөлөөгөөр монголчуудын үндэсний ухамсар сэргэж эхэлсэн юм. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг шүүмжлэн Улсын Багшийн Дээд Сургуулийн хэсэг оюутнууд “Цагийн толь” сонин эрхлэн гаргаж байсан бол МҮЭ-ийн Соёлын төв ордоны дэргэд улс төр сонирхогчдын “Орчлон” клуб байгуулагдаж байсан бөгөөд “Ертөнц” маргааны клуб,”Залуу эдийн засагчдын клуб”, “Шинэ үе” бүлэг, мөн Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн байранд хэсэг залуучууд нэгдэн “Дэвшилтэт залуучуудын эвсэл” зэрэг бүлэг, клуб, эвсэлүүд үүсэн байгуулагдаж эхэлсэн ч тодорхой цэгцэрсэн бодлого, дүрэм журам, мөрийн хөтөлбөртэй байж чадаагүй юм. Гэсэн хэдий ч эдгээр залуучууд нийгмийн шударга ёс, ардчиллыг тогтоохыг уриалсан ухуулах хуудас хотын гудамжинд наан ард түмний нийгмийн сэтгэл зүй, улс төрийн ухамсарт ил далдаар нөлөөлж эхэлжээ. 1989 оны 11-р сард хуралдсан Залуу уран бүтээлчдийн II зөвөлгөөнд оролцсон төлөөлөгчид улс төрийн шинэчлэлийг түргэсгэхийн тулд Залуу уран бүтээлчдийн эвсэл байгууллах санаачилга гарсан байна. Улмаар 12-р сарын 7-ний өдөр Ховдын Багшийн Дээд сургуулийн хэсэг оюутнууд цуглаан хийсэн бөгөөд 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдөр Улаанбаатар хот дахь Залуучуудын Соёлын Төв ордны урд талбайд 200 орчим хүн оролцсон улс төрийн цуглаан зохион байгуулж, МоАХ-г байгуулснаа албан ёсоор зарласан юм. МоАХ-ны ерөнхий зохицуулагчаар МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын багш, аспирант С.Зориг сонгогджээ. Цуглаанд оролцогчид “Олон намын систем хэрэгтэй”, “Хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэе” зэрэг уриа лоозон барин, Ардчилсан хувьсгалын дууч С.Цогтсайханы “Хонхны дуу” Урьд шөнө хар дарж зүүдэллээ. Урт гар намайг зовооно. Хэлэх үгийг минь боогдуулж Харах нүдийг халхална. Аз болж хонх дуугарлаа. Арай ядан нойрноос сэрлээ. Хонхны дуу биднийг сэрээ Хонхны дуу биднийг сэрээ... гэсээр олон мянган залуучуудыг гүн нойрноос нь сэрээж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэлд уриалж байлаа.