Дөрөвдүгээр танхим Монголын эзэнт гүрэн

Монголын эзэнт гүрэн танхим нь монгол угсаатан бүрэлдэн тогтнож улмаар дэлхийн түүхийн 200 жилийг эзэгнэсэн Их эзэнт гүрний түүхэнд холбогдох түүх, археологи угсаатны зүйн холбогдолтой үзмэрүүдээс бүрдэнэ. Монголчууд XIII-XIV зуунд Евроазийн олон орныг байлдан дагуулж, хүн төрөлхтөний түүхэн урьд, хожид давтагдаагүй их эзэнт гүрнийг байгуулсан билээ. Энэ нь дэлхийн хаант улсуудаас эзэлсэн газар нутгаараа хоёрдугаарт бичигддэг аж. Тухайн үеийн Монголын эзэнт гүрэн нь бүрэлдэхүүндээ 50 гаруй улс, угсаатныг нэгтгэсэн таван үндсэн бүрэлдэхүүн бүхий байв. Эдгээр нь Алтан ордны улс, Цагаадайн хаант улс, Ил Хаант улс, Юан улс хэмээн түүхнээ алдаршжээ.   Монголын эзэнт гүрэн танхим нь Чингис хааны өмнөх үеийн монгол Ханлиг улсууд, Их Монгол улс ба Эзэнт гүрэн Чингис хааны залгамжлагчдийн түүхийг өгүүлнэ. “Монголын эзэнт гүрэн” байнгын үзүүллэгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин  Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR (Virtual Reality) технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан, мөн AR(Augmented Reality) технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсож, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар үзэгч олонд хүргэж байна.