Долоодугаар танхим: XVII-XX зууны эхэн үе

Монголын дорнод талд хил залган оршиж байсан Хамниган угсааны Манж нар XVI зууны сүүл, XVII зууны эхээр төр улсаа байгуулж ихэд хүчирхэгжин зэргэлдээх Хятад, Монгол орныг байлдан эзэлжээ. 1636 онд Өвөр монголыг, 1691 онд Ар монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг тус тус эзэлж ноёрхолоо тогтоосон. Музейд Манж Чин улсын төрийн туг, тэр үед хэрэглэгдэж байсан тамга, тэмдэг, зоосыг та сонирхож байна. Манжууд төрийнхөө туг далбаан дээр лууг дүрсэлдэг бөгөөд  ер нь дорно дахины ард түмэн лууг тэнгэрийн амьтан хэмээн ихэд хүндэтгэдэг билээ. Энэ танхимд Богд Хаант Монгол улсын үе буюу 1911 оны түүхэн үйл явдалтай холбоотой бичиг баримт, гэрэл зураг, үзмэрүүдийг дэлгэн харуулсан. Монгол улс Манж Чин улсын эрхшээлд 200 гаруй жил болж, XX зуунтай золгосон юм.[1]  Тухайн үед Монгол  улс дэлхийн хөгжлийн жишгээс  хэдэн зуун жилээр хоцрогдсон нийгэм эдийн засгийн хувьд туйлын хүнд нөхцөлд байв. Энэ зуунд монголчуудын түүхэн хувь заяанд гарсан үндсэн эргэлтийн анхных нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал юм.  Энэ байдлыг ойлгосон  зарим хүмүүс угсаатны харанхуй бүдүүлэг байдлыг өөрчлөх зохистой арга хэмжээ сэдэж байв. 1911 оны зун YIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн Ар монголын хаад ноёд, дээд лам нар чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг Орос улсад одуулав. Дайчин ван Ханддорж, Чагдаржав, да лам Цэрэнчимэд нар Богд ууланд сэм хуралдаж, Орос улсаас тусламж авч монголчууд Манжаас салж тусгаар улс болох санал сэдэж Богд Живзандамбаар зөвшөөрүүлжээ. Энд өргөсөн бичигт хэд хэдэн санал дэвшүүлсэн нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулах, худалдаа хийх, төмөр зам тавих шуудан харилцаа өргөтгөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурах  зэрэг асуудал байв. [1] Монгол улсын түүх. УБ.,2006 он. тал 140