“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ИДЭЭ, УНДААНЫ СОЁЛ” тусгай үзэсгэлэн
Хугацаа: 2022.10.14-11.14
Нээлтийн ёслол: 2022.10.14-ны 11:20 цагт Монголын Үндэсний музейд эхэлнэ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж жил бүр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын үндэсний музейтэй хамтран “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн мөн гэрэл зургийн үзэсгэлэнг 10-р сарын 14-өөс 11-р сарын 14-ний хооронд олон нийтэд хүргэнэ.
“Монголын уламжлалт идээ ундааны соёл” үзэсгэлэн нь монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрүүдийг олон нийтэд толилуулж уламжлалт хоол хүнсний талаархи мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, уламжлалт хүнс, хоолны хэрэглээг дэмжих зорилготой.
Гэрэл зургийн үзэсгэлэнгээр Хүнсний үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцооны олон өнгө төрхийг харуулж байна. Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангахад анхаардаг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал хөдөлгөөн” үүний тод илрэл билээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн Хүнсний Өдрийг тохиолдуулан Мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг 10-р сарын 14 нд Монголын Үндэсний Музейд болох арга хэмжээний нээлтийн үеэр уншиж сонордуулна.
Эрхэм хүндэт Та бүхнийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хамтран зохион байгуулагч:
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага / Food and Agriculture Organization of the United Nations (FAO)