“НИЙСЛЭЛ ХҮРЭЭ – НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ” шинэ үзэсгэлэн Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдлийн нэг болгон, Богд хааны зарлигаар “Их Хүрээ”-г “Нийслэл Хүрээ” хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэл хотоор хуульчлан тогтоосны 110 жилийн ойд зориулан гаргаж буй үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
2022-10-20
Нийслэл хоттой байх нь тусгаар улсын шинж, онцгой илэрхийлэл учир Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараахан Богд хаан нэгэн чухал зарлиг буулгажээ. Зарлигаар 1639 оноос хойш монголчуудын оюун санааны төв болон хөгжиж ирсэн Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэл хот болгон тогтоожээ.1912 оны 2 дугаар сарын 7-ны өдөр буулгасан энэхүү зарлигийг мөн сарын 9-ний өдөр даяар олонд зарлан тунхагласнаар Монгол Улсын орчин үеийн нийслэлийн эрх зүйн байдал анх хуульчлагдан баталгаажсан түүхтэй.
Монгол Улс төрийн төв нийслэл хоттой болсноор Нийслэл Хүрээ нийт монгол угсаатны их төв хот болон дэлгэрэн хөгжсөнийг архивын эх сурвалж, гэрэл зураг, соёлын өв зэрэг олон баримт гэрчилдэг.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд Нийслэл Хүрээний хөгжлийн шинэ үе эхэлж, 1924 онд хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Нийслэл Хүрээг Монгол Улсын нийслэл хот болохыг дахин баталж, нэрийг нь “Улаанбаатар” хэмээн өөрчилсөн байдаг.

Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдлийн нэг болгон, Богд хааны зарлигаар “Их Хүрээ”-г “Нийслэл Хүрээ” хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэл хотоор хуульчлан тогтоосны 110 жилийн ой нь нийслэлийн төдийгүй Монголын түүхийн онцгой тэмдэглэлт үйл явдал мөнөөс мөн.

Иймд нийслэлийн иргэдийн үнэт зүйл, бахархлыг хөгжөөн бататгах замаар монголчуудын үндэсний ижилслийг бүтээхэд хувь нэмэр оруулах чин зорилгын үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн, “Зарлигаар тогтоосон Нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг бүтээж, үзэгч олондоо толилуулж байна.

Монгол Улс мөнхөд мандан бадарч, нийслэл Улаанбаатар хот улам цэцэглэн хөгжих болтугай

# Сэдвүүд
Uncategorized
Мэдээ