МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол улсын Соёлын яам, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ, тусгай үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг Монголын Үндэсний музейд зохион байгууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн Хүнсний Өдрийг тохиолдуулан Мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр олон нийтэд сонордууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааг Соёлын Дэд Сайд М.Батбаяр нээж, нээлтийн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “…42 дахь жилдээ тэмдэглэж буй дэлхийн хүнсний өдрийг 2022 онд “хэнийг ч орхигдуулахгүй байх” уриан дор тэмдэглэж байна. Монголчууд бид эрт дээр үеэс эрхэмлэн ирсэн идээ ундааны баялаг түүх, соёлтой ард түмэн бөгөөд хүнсний аюулгүй байдал дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэ цаг дор уламжлалт хоол хүнсээ сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, сэргээн хэрэглэх, хэвшүүлэх, зайлшгүй шаардлагатай байгаа”-г онцлон тэмдэглэв. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын суурин төлөөлөгч Винод Ахужа зочдод хандан үг хэлэв.
Ёслолын үйл ажиллагаанд баяр хүргэж Гадаад харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар тус тус үг хэллээ.
Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Монгол улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдууд болон хүнс үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Дэлхийн хүнсний өдрийг угтан олон үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулсны нэг нь “Хүн бүрд эрүүл хоол хүнс хангалттай байж, хэнийг ч ардаа орхиогүй дэлхийг бүтээе” сэдвээр хүүхэд, залуусыг үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх эссе бичлэгийн уралдааны тэргүүн байранд шалгарсан Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС 10а ангийн сурагч Н.Ингүүнд Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал өргөмжлөл, шагналыг нь гардуулав.
Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдийг онцолж дөрвөн эмэгтэйг НҮБ-ын ХХААБ-аас “Хүнсчин баатар эмэгтэй”–ээр тодруулж өргөмжлөл, шагналыг УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг гардууллаа.
Монголын Үндэсний музейн дэлхийн хүнсний өдөрт зориулсан “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 14 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах тул эрхэм үзэгч Та бүхнийг морилон саатахыг урьж байна.