Хүүхдийн хөтөлбөр
tsahim

1. ХҮННҮ ШИРМЭЛ ШИРДЭГ музейн боловсролын хөтөлбөр 

1. ХҮННҮ ШИРМЭЛ ШИРДЭГ музейн боловсролын хөтөлбөр 

Тус хөтөлбөрийг ЕБС-ийн дунд ахлах ангийн сурагчдад зориулан тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэр Хүннүгийн ширмэл ширдэг” үзмэрт түшиглэн боловсруулав. Сурагчид анги бүлгээрээ болон ганцаараа хийх боломжтой. 

COVID-19  вирусын тархалтаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосн эдгээр өдрүүдэд хүүхдүүд манай цахим хуудас болон олон нийтийн сүлжээн дэх музейн хуудсаар зочилон тус хөтөлбөрт сонгон авсан үзмэрийн тайлбартай танилцаад, зурагт хуудсыг хэвлэн авч эх үзмэрийн зурагтай нь харьцуулан будах үйл ажиллагааг хийх боломжтойгоор нийтэлж байна. Түүхийн хичээлийн онолын хэсэгт Монголчуудын дээд өвөг Хүннү гүрний тухай ерөнхий мэдлэг, Хүннүгийн урлагийн тухай мэдлэг тань тус болох тул сурах бичгээ сэргээн санаж уншаарай. Мөн Хүннүгийн түүхийг өгүүлсэн судалгааны бүтээлийг боломжоороо дэлгэрүүлэн үзээрэй. Үзмэрийн тайлбарыг Монголын түүхийн тайлбар тольд https://mongoltoli.mn/history/h/360 Доктор Г.Эрэгзэнгийн тайлбараар оруулж байна.  

 

Хүннүгийн үеийн археологийн олдвор.

1924 онд П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн шинжилгээний анги Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас анх эсгий ширмэл ширдэг илрүүлэн олсон байдаг. Хожим 2005 онд Монгол-Францын хамтарсан шинжилгээний анги Гол модны дурсгалт газрын 20-р булш, 2006 онд Монгол-Оросын хамтарсан экспедиц Ноён уулын 20-р булш, 2007 онд Монгол-Солонгосын хамтарсан экспедиц Дуурлиг нарсны 2-р булш зэрэг Хүннүгийн язгууртны булшнаас төстэй эсгий ширмэл ширдэгний тасархай хэсгүүдийг илрүүлж байв. Хүннүгийн булшнаас олдсон ширдэгнүүдийн дийлэнх нь жижиг өөдөс, тасархайнууд бөгөөд хадгалалт их муутай байдаг бол Ноён уулын булшнаас 1924 онд илрүүлсэн эсгий ширмэл ширдэг нь харьцангуй бүтэн, маш сайн хадгалалттай байжээ. Ноён уулнаас илэрсэн эсгий ширмэл ширдэг нь 2.6 м урт, 1.95 м өргөн хэмжээтэй. Эх биеийг сайтар боловсруулсан цагаан эсгийгээр хийж, нүүрэн талд гандаж бор өнгөтэй болсон бөс даавуугаар битүү өнгө татан хүрээлж, төв хэсгийг нь бүдүүн олсон утсаар ширсэн байна. Төв хэсгийн өнгө татаагүй талбай нь тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд энэ хэсэгт 3 эгнээгээр тус бүр 8 угалз буюу нийт 24 угалз бүхий усны уялга хээг улаан өнгийн утсаар ширж чимэглэжээ. Усан хээт талбайн гадна талаар 5 см өргөн зээглэсэн хүрээ татсан бөгөөд энэ хүрээ нь улаан, ногоон, шаргал өнгийн дөрвөлжин, чагтан буюу тоонолжин, бариултай тал дугуй зэрэг дүрсийг солбиулан эгнүүлсэн хээтэй юм. Ширдэгний гадна захаар зууван дөрвөлжин хээтэй бор шаргал өнгийн хятад торгоор өргөн эмжээр хийжээ. Энэ эмжээр болон дотор хүрээний хоорондох өргөн зайг шаргал өнгийн эмхэрдсэн олсон утсаар ойрхон хавж ширсний дээр ноцолдож буй 9 хос амьтан, 9 модны хайчилмал дүрсийг өнгийн утсаар зээглэн хатгаж чимэглэсэн байна. Ноцолдож буй 9 хос амьтнаас 5 нь улангассан бух болон бартай төстэй домгийн араатнууд өөд өөдөөс харан тулалдаж буй дүрс бол 4 нь зугатаж буй буга хандгайн төрлийн амьтны нуруунд ассан далавчит араатны дүрс байна. Ширдэгийг чимэглэсэн домгийн шинжтэй эдгээр араатны дүрсүүд нь ихэд алдаршсан бөгөөд Хүннүгийн дүрслэх урлагийн түвшинг илтгэх чухал олдворт тооцогддог. Ноён ууланд малтлага хийсэн П.К.Козловын экспедицийнхэн 6-р булшнаас олдсон ширдэгний нэгийг дундуур нь хайчлан хувааж нэг талыг Монголд үлдээсэн нь өдгөө Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй бол нөгөө хэсэг нь ОХУ-ын Эрмитаж музейд буй. Түүнээс гадна Эрмитажид өөр нэг бүтэн эсгий ширмэл ширдэг хадгалагдаж байгаа юм. Монголын Үндэсний музейд буй эсгий ширмэл ширдэгний хэсгийг Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор “Монголын хосгүй үнэт өв”-д бүртгэсэн ажээ. (Г.Эрэгзэн) 

Ашигласан ном зохиол

Доржсүрэн Ц. Умард Хүннү (эртний судлалын шинжилгээ) // Studia archaeologica. Tom. I, Fasc.5. УБ., 1961.

Руденко С.И. Культура хуннов и Ноинулинские курганы. М.-Л.,1962.

Сономцэрэн Л. Хүннү нарын урлаг // Studia archaeologica. (Монголын эртний түүх соёлын зарим асуудал). Tom. V, Fasc. 9. УБ., 1972, т. 115-134.

 

Хүннүгийн амьтны загварт урлагийн бүтээлийг хатуу зөөлөн эдээр урлаж ирсний нэгэн жишээ бол Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулан дахь хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн зээгт хатгамал бүхий эсгий ширдэг юм. Энэхүү ширдэг нь нүүдэлчдийн дүрслэх урлагийн хосгүй дурсгалын нэг юм. Ширдэгийг сайтар боловсруулсан эсгийгээр хийж, нүүрэн талыг торго бөс даавуугаар битүү эмжиж, түүнээ хөвөөлөн ноцолдож буй хос амьтныг модны хооронд өнгийн утсаар зээглэн хатгажээ. Сөөлжүүлэн өөд өөдөөс харан тулалдаж буй улангассан бух болон арслан барстай төстэй домгийн араатны дүрс, зугатаж буй хандгайн нуруунд ассан домгийн шувууны дүрсийг урласан байна. Энэ зохиомжийг улаан, ногоон, шаргал өнгийн дөрвөлжин, чагтан буюу тоонолжин, бариултай тал дугуй зэрэг дүрсүүдээр солбиулан зээглэсэн хүрээ татжээ. Харин ширдэгний төв хэсгийг өргөшөө гурван эгнээ, уртаашаа найман эгнээ усан хаялага хээгээр битүү ширжээ.

Нэгдүгээр хос амьтны дүрслэл: Олон салаа дэлтэй /эвэртэй/ арслан барс мэт амьтныг сүүлээ дээш агссан байдалтай дүрслэхдээ дэл сүүлний үзүүрийг том махир хошуу бүхий домгийн шувууны толгойн дүрсээр төгсгөж, биен дээр нь өөр өнгийн эсгийгээр зээг тавьж далавчийг хатгажээ. Арслан барс мэт энэ амьтан саваг сүүлтэй сарлагны шилэн хүзүүнээс хазаж сарлаг зөрүүлээд, түүнийг эврээрээ ольж байх аж. Сарлаг амаа ангайн, хэлээ унжуулж, нүдээ бүлтийлгэн, сүүлээ агсан араатантай цухалдан тэмцэж байгаа байдалтай. Сарлагийн саваг, сүүлийг цайвар болон бараан өнгийн утсаар өнгө хоршин урлажээ.

 

Хоёр дахь хос амьтан: Амаа ангайн, хэлээ гаргаж хар хурдаараа давхиж буй хандгайн хондлой дээр сууж, нуруунаас нь хазаж буй махир том хошуутай, шовх чихтэй, том далавчтай домгийн шувууг дүрсэлжээ. Хандгай нуруугаа хотойлгон, ууцаа шарван, урагш мултран зугтахаар хүчээ шавхан байгаа байдлыг энэ тэмцлээр үзүүлжээ. Түүний эх бие дээр өөр өнгийн эсгийгээр зээг тавьж, далавчийг хатгасан байна. Шувууны нүд, хошуу, чихийг цохон үзүүлсний зэрэгцээ хоёр далавч болон сүүлний өдийг дээш махийлган хоёр өнгийн утсаар өнгө хоршуулан хатгаж үзэмж оруулж өгчээ.

Энэхүү ширдэг нь гойд нарийн уртай бөгөөд түүн дээр хатгаж урласан амьтдын дүр төрх, хөдөлгөөн, тэмцлийг ихэд чадварлаг амьд мэт гаргаж чадсан байдаг. Хүннүчүүдийн уран сэтгэлгээний бодит илрэл болсон энэ ширдэг нь чимэглэх урлагийн сор бүтээл бөгөөд Монгол Улсын Засгийн газраас “Түүх-Соёлын хосгүй үнэт өв”-өөр батламжилсан.

      

Ажиллах хуудас хэвлэн аваад будаарай. 

“УХААНТ ЦЭЦЭНХҮҮГИЙН МУЗЕЙН АЯЛАЛ”Боловсролын хөтөлбөр

Соёлын Яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Монголын Үндэсний музейд 2021 оны 11 дүгээр сарын 14-ны Ням гаргийн 11.40-14.30 цагт “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” боловсролын хөтөлбөрийн үйл ажиллагаа болно.

#СэржСанахТүүх

#СэтгэлАриусгахУрлаг

#ХүмүүнийгГэгээрүүлэхСоёл

уриан дор зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музей соёлын биет бус өв аман зохиолын нэгэн төрөл үлгэрийг соёлын бүтээлч үйлдвэрлэлээр бүтээгдэхүүн болгож, брэнд хөгжүүлэн, олон нийтэд эх түүхийн мэдлэг олгох соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж байна.      

“Түүхэн найз Цэцэнхүү, Соёлын элч Цэцэнхүү” нь Монголын Үндэсний музейн ЭЛЧ  болон мэндэлж байна. Ухаант Цэцэнхүү, Цэцэнгоо охины дүрээр музейн олон нийт, танин мэдэхүйн үйл ажиллагааг сурталчилна. Мөн “Ухаант Цэцэнхүү” контентоор цахим орчинд уламжлалт мэдлэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, монгол хүүхдийг эх оронч иргэн болгон хүмүүжүүлэхэд нөлөөлөх зорилготой нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаа тасралтгүй үргэжлэх юм.  

Арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байуулна.

  • “Ухаант Цэцэнхүү” брэндийн танилцуулга
  • Ухаант Цэцэнхүүгийн найзууд – “Тусч хүү Сүбээдэй” бэсрэг жүжиг. Монголын хүүхэд залчуучуудын театрын дэргэдэх Цоглог студийн Жүжигчид.

Зохиолч, Найруулагч МУСТА Д.Саранхүү

  • Хөгжмийн зохиолч МУ-ын Гавьяат багш С.Ганчимэгийн ая, Яруу найрагч Г.Алтангадасын үг  “УХААНТ ЦЭЦЭН ХҮҮ” Сүлд дуу Монголын хүүхдийн ордны найрал дуучид. Удирдаач Хөгжмийн  зохиолч МУ-ын Гавьяат багш С.Ганчимэг
  • “Ухаант Цэцэн хүүгийн музейн аялал”  Боловсролын хөтөлбөр зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа та бүхнийг хүлээж байна.

 

“УХААНТ ЦЭЦЭНХҮҮГИЙН МУЗЕЙН АЯЛАЛ”