COVID-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд манай музей олон нийтэд үйлчлэхгүй байгаатай холбогдуулан цахим хуудсандаа “Цахим музей” шинэ нийтлэлийг цувралаар толилуулж байна. Энэхүү цувралд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийг дээжлэн үзмэрийн зураг, тайлбарыг нийтлэн олон нийтэд түгээнэ. Мөн музейн боловсролын ажлыг цувралаар хүргэх болно. Эрхэм үзэгч та бүхэн цахим орчинд дэлхийн аль ч өнцөгөөс бидэнтэй холбогдох боломжтой билээ.
Танан хөөрөг
Өндөр 8 см, Өргөн 3.3 см, Зузаан 2.4 см, Жин:70гр
Монголчуудын уламжлалт мэндчилгээ хөөрөг зөрүүлэх ёсны гол хэрэгсэл, гоёл чимэглэлийн нэг нь хөөрөг юм. Хөөргийг төрөл бүрийн үнэт чулуунаас гадна шил, мод зэргийг ч ашиглан хийсээр иржээ. Хөөрөгний ур хийц, үнэт чулуу, эрдэнийн чимэг, шүрэн толгой зэргээрээ бусдаас ялгаран, эдлэж буй эзнийхээ бэл бэлчинг ч илэрхийлдэг билээ. Энэхүү танан хөөрөг нь жижгэвтэр хэмжээтэй, чамин хийцтэй, дээд хэсгээрээ сувдан цагаан солонгорсон, доогуураа хүрэн бор өнгөтэй, нэг талдаа цэцэг навчин хээ товойлгосон, алтан нуухтай, шүрэн толгойтой, 9 эрдэнэ шигтгэсэн танан хөөрөг юм. Уг хөөргийг Алшаа гүний хатан хэрэглэж байсан гэх хууч яриа байдаг.
МОДОН ХӨӨРӨГ
Хэмжээ: Өндөр 9.9см, Өргөн 6.6 см, Зузаан 3.7 см Жин: 80 гр
Монголчууд үнэт чулуун хөөрөг эдлэхээс гадна зандан, арц, яшил, хус зэрэг модны үндэс, урыг ашиглан модон хөөрөг урладаг уламжлалтай. XVIII-XIX зууны үед ардууд модон хөөрөг эдлэж хэрэглэж ихэд дэлгэрчээ. Монголчууд модон хөөргийг хийхдээ модны үндэс, урыг усанд чанах, урсгал усанд сойх аргаар давирхайг гаргана. Дараа нь сүүдэр газар чийгийг нь хатаана.
УЛААН ШҮРЭН ХӨӨРӨГ
Хэмжээ: Өндөр 10,3 см Өргөн 6 см Зузаан 4.5 см Жин: 315 гр
Алтан нуухтай, шүрэн толгойтой, сийлбэртэй шүрэн хөөрөг. Уг хөөрөгний хүзүү, мөр болон ёроолийг цэцэг навчин хээгээр холбож урласан чамин хийцтэй.Их биеийн дээд хэсэгт цэцгэн дээр сууж буй эвэрт цохыг товойлгон сийлж эвэр, цэцэг навчин хээг нарийн зураасаар дүрсэлжээ. Мөрний хээ, ёроолын хээг их биенээс нь товойлгон сийлсэн. Ёроолын зууван дүгэрэг хүрээн дотор сүүлээ өргөн, толгойгоо цогнойлгосон гүрвэлийн сийлбэртэй. Шүр нь олон өнгө байх хийгээд цагаанаас эхлэн ухаа улаан, хүрэн, хар хүртэлх өнгө хувирсан олон төрөл бий. Шүрийг гай зовлонгоос хаацайлах, муу зүйлд уруу татагдахаас сэргийлэх, уур хилэн, атаа хорсолыг саармагжуулах увидастай хэмээн үзнэ. Мөн аянга цахилгаан, хуй салхи болон чөтгөр шуламыг үргээх, таагүй зүйлээс авардаг гэж эртнээс хүмүүс хэрэглэж ирсэн бөгөөд аливаа осол эндлээс хамгаалж, хэл амыг зайлуулах учир хүүхдийн бүснээс шүр зүүж муу зүүдийг үргээдэг зан үйл байжээ.
БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ
Холбогдох он цаг: YI-YIII зуун
Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр
Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр батласан.
БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ
Хэмжээ: 16 см х 12 см, Жин – 243,1 грамм
Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдамд орших Билгэ хааны онгоноос 2001 онд олдсон олдвор. 2001-2003 онд Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварлаж, Монгол Улсын Засгийн газрын 2003.05.21-ны өдрийн 124-р тушаалаар Монгол Улсын хосгүй үнэт үзмэрт бүртгэсэн байна.
Бугын хийц нь тухайн үеийн дархны урлалын хөгжлийг илэрхийлдэг. Уг бугыг бүтээхдээ хөөмөлдөх, цутгах, цоолборлох, сийлэх, алт шармал болон гагнуурыг чадамгай ашиглажээ. Бугын эвэр, чих, хошуу нүдийг тойруулан, дал, ташаан толгой, сүүлийг нь хурц үзүүртэй багажаар гүехэн сийлж алтаар шаржээ. Хэвлий тус газраа жижиг цоорхойтой. Эвэр, толгой, хөл сэлтийг их биетэй нь гагнасан. Бугын туруун доод хэсэгт ямар нэгэн зүйл шигтгэн тогтоож байсан бололтой хадаас мэт суурь буй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш чигтэй цэцэг навчин хээг далавч адилаар сийлж, сийлбэрийн нарийн зураасыг тодруулан алтаар шарсан. Нэг эвэр нь хугархай, нөгөө эвэр нь 6 салаатай, гагнаасгүй сул. Нүдний цөцгий, зовхи, хошуу, амыг нь товойлгон урласан. Өндөр нарийн хүзүүг их биетэй нь гагнасан, зогдорын үсийг нарийн зураасаар сийлж алтадсан, мөн их бие, хөлний ихэнх хэсгээр олон нарийн хэрчлээ зураасаар үс хялгасыг нь дүрсэлсэн. Хавиргыг нь хажуу биед 3 хэрчлээс гарган цоолборлон сийлсэн. Босоо далбагар өрөөсөн чихтэй.
Монголын Үндэсний музейн II дугаар танхимд үзмэрт буй. Иймэрхүү бугын модон сийлбэр 1924 онд П.К.Козловын Ноён ууланд малтсан Хүннүгийн 6-р булшнаас гарч байжээ. Энэ дурсгалын судалгааг эрдэмтэд хийж буй бөгөөд одоогоор дараах эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэн.
Баяр Д., Амартүвшин Ч., Энхтөр А., Гэрэлбадрах Ж. Билгэ хааны тахилгын онгоны судалгаа// Studia archeologica. Tom. XXI (I), Fasc.9.УБ.,2003, т.75-84., Д.Баяр. Древнетюркские мемориальные компексы в Монголии/, Довдойн Баяр. Монголын дундад зууны археологийн судалгаа УБ.,2014, 61-70 тал мөн Sorn Stark, “Die Altturkenzeit in Mittel und Zentralasien, Archaeologische und Historische Studien. Weisbadan 2008, abb 101 болон Some Remarks on the Headgeear of the Royal Turks// Journal of Inner Asian Art and Archaeology 4 (2009) pp 119-133, С.И.Руденко Культура Хуннов и Ноин-улинские курганы. М-Л.,1962. Стр 200, тав-XXX.
БИЛГЭ ХААНЫ АЛТАН ТИТЭМ
Холбогдох он цаг: YI-YIII зуун
Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр
Түргийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт буй. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь энэхүү титэм билээ. Титэм нь алтаар бүтээгдсэн, 23 см орчим хагас дугуй хэлбэртэй, 5 хэсэг бүхий. Төв хэсэгт нь хошуундаа эрдэнийн чулуу зууж жигүүрээ дэлгэсэн жигүүртэн байх бөгөөд шувууны их бие, өд сөд, далавчийг нь тод томруун сийлсэн. Түүний хоёр хажууд цэцэг навчин хээтэй дэлбээ мэт хэсэг үргэлжлэх хийгээд титэмний суурь бүслүүр, их бие дээр эрдэнийн чулуу шигтгэж байсан нуух хоногууд харагдана. Уг дурсгалыг Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 тоот тушаалаар “Хосгүй үнэт дурсгалт зүйл”-ээр батласан.