Боловсролын Хөтөлбөр
2022-08-09

Үйл ажиллагаа

Монголын Үндэсний музейн боловсрол, олон нийтийн хөтөлбөр нь дараах үндсэн үйл ажиллагааг хамарна. Музейн боловсролын хөтөлбөр нь сан хөмрөг, үзмэр цуглуулгадаа суурилсан танхимын бус сургалтын арга хэлбэрээр дараах насны бүлгүүдэд зориулагдана.

  • Бага насныхан
  • ЕБС-ийн сурагчид
  • Оюутан
  • Насанд хүрэгсэд 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 

Монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилахад бие даан эсвэл бусад мэргэжлийн байгууллагатай хамтрана. Үйл ажиллагааны хэлбэр нь сургалт, нүүдлийн болон суурин үзэсгэлэн, семинар, давтан сургалт, лекц, дугуйлан, урлагийн тоглолт, өдөрлөг, үдэшлэг, богино хугацааны сэдэвчилсэн аялал зэрэг байна.

Мөн түүнчлэн олон нийтэд зориулсан хэвлэмэл сэтгүүл, гарын авлага бэлтгэх, музейн албан ёсны цахим талбарт боловсрол, олон нийтийн үйл ажиллагааг мэдээлэх, холбоо тогтоох, мэдээллийн эх сурвалжийг нийтлэх ажлыг хийнэ. 

Та бүхэнтэй бидэнтнй хамтран ажиллах, сургалт танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах хаягаар холбгдоно уу. 

Боловсрол, Олон нийтийн хөтөлбөр, Маркетингийн алба

Утас: 70110913    


Монголын Үндэсний музейн  Боловсрол, Олон нийтийн хөтөлбөрэд зориулсан хөтөлбөрүүд

Тайлбарт аялал

Тайлбарт аялал нь монгол, англи хэлээр сэдэвчилсэн болон дэлгэрэнгүй тайлбарт үйлчилгээг хүргэнэ.  

  • Музейн тасалбартай үзэгчдэд үнэгүй.
  • Жилийн туршид ажлын өдрүүдэд бэлэн байна.
  • 60 хүртэлх хүмүүсийг нэг бүлэг хэмээн үйлчилнэ.

Эх түүхээрээ аялахуй аян 

Жил бүрийн X-XII саруудад “Эх түүхээрээ аялахуй” аяныг зохион байгуулдаг. Хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой. Аян хүрээнд ЕБС-ийн сурагчдийг зохион байгуулалттай музей үзүүлэх, боловсролын ажил зохион байгуулах ажлыг дараах сэдвээр хийдэг. 

  1. Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгын өдөр /1945.10.20
  2. Монгол бахархлын өдөр /Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн  
  3. Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр/1924.11.26
  4. Ардчиллын анхны цуглаан/1989.12.10
  5. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр/1911.12.29

Олон улсын музейн өдөр 5 дугаар сарын 18

Музей нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм соёлын  байгууллага болохыг  олон нийтэд сурталчлах зорилготой. Жил бүрийн 5 дугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн (ОУМЗ) XI бага хурлаас Олон улсын музейн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. 1990-ээд оны сүүлчээс Монголын музейнүүд олон улсын музейн өдрийг тэмдэглэж эхэлсэн. 2019 онд Музей нийгэм соёлын төв, Соёлын зангилаа сэдвийн дор тэмдэглэн өргөнөөр тэмдэглэв.   

Оюутны хөтөлбөр  

Музейн зүгээс монголын түүх, уламжлалт соёл, мэдлэг зан үйлийг сонирхон судлаж буй бүх мэргэжлийн болон түүх, археологи, угсаатан, урлаг судлал, уран зураг, музейн ангийн оюутнуудад  зориулсан мэргэжлийн болон сонирхолын идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулна. Хичээлийн улиралын эхэнд Их, дээд сургуулийн багш нар болон оюутнуудын захиалгын үндсэн дээр сэдэв, сургалтын, идэвхтэй үйл ажиллагааны хэлбэр, цагийн хуваарийг төлөвлөн ажиллана. 

Тусгай арга хэмжээ

Бид тусгай тэмдэллэлт ой, үйл явдал, түүхэн арга хэмжээг тохиолдуулан музейн соёлын хөтөлбөрийг төлөвлөн олон нийт, сонирхолын бүлгийхэнд зориулан тусгай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Соёл болон түүхийн лекц, өсвөр болон насанд хүрэгсдэд зориулсан сард 1 удаа зохион байгуулна. 

  • Монголын амьд түүх – Музейн боловсролын хөтөлбөр

Монголын түүх, уламжлалт соёлын тухай музейн боловсролын багц хөтөлбөр, музей үзэх, идэвхтэй үйл ажиллагаа, багшийн гарын авлага, ангид хийх ажил, үзмэрийн өнгөт зургийн багц бүхий материалтай. Монголын ерөнхий боловсролын сургуулийн түүх, соёлын хичээл үзэж буй сурагчдад зориулсан монгол хэлээр бүх идэвхтэй үйл ажиллагааны хуудас, хичээлийн хөтөлбөр бэлтгэгдсэн.

  • Нэг удаагийн үзэхэд хамгийн дээд тал нь 60 сурагч багшийн хамт, хугацаа 60 мин
  • Музейн хүүхдийн билетийн үнээр билет худалдан авна. Багш үнэгүй.  

Монгол гэр уламжлалт соёлын хөтөлбөр

Монголын уламжлалт гэрийг олон нийтэд танилцуулах музейн соёлын хөтөлбөр. Уг хөтөлбөрөөр монгол гэрийн гарал, барих арга барилтай танилцахаас гадна монгол гэрийн хийц, бүтэцийн онцлог, нэршил зэргийг мэдэх боломжийг танид олгоно.  Үзүүлэн лекц 15 минут, идэвхтэй ажлын үргэлжлэх хугацаа 90 мин.

Монгол наадгай

Ардын уламжлалт тоглоом зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нүдний харааг хөгжүүлэх, ажигч гярхай болгох, ахмад настанаа хүндлэх үзлийг төлөвшүүлэх зорилготой. Мартагдаж буй Үүйчүүр, Хорол, Алаг мэлхий тоглоомын тоглох арга, зан үйл, бэлгэдэл зэргийг зааж, тоглуулах хөтөлбөр.

Гэрэл зургууд 1