МУЗЕЙН ТУХАЙ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилго нь музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, сан хөмрөг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Музейн тухай хууль тогтоомж
2.1. Музейн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3 .1. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт музейн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй үйлчилнэ.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. ”музей” гэж соёлын үнэт зүйлийг цуглуулах, судлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, шинжлэх ухааны байгууллагыг;
4.1.2. ”музейн үзэл баримтлал” гэж музейн төрөл, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, цуглуулгын болон үзүүллэгийн бодлогыг тодорхойлсон баримт бичгийг;
4.1.3. ерөнхий бүртгэл” гэж үзмэрийн хувийн дугаар, нэр, тоо, хэмжээ, тодорхойлолт бүхий бүртгэл, мэдээллийн баримт бичгийг;
4.1.4. “үзмэр” гэж ерөнхий бүртгэлд бүртгэгдсэн музейн өмчийн соёлын үнэт зүйлийг;
4.1.5. ”цуглуулга” гэж нэг болон хэд хэдэн шинжээрээ харилцан холбоотой, тодорхой цаг үеийг төлөөлөх шинжлэх ухаан, урлаг, танин мэдэхүйн ач холбогдолтой үзмэрийн цогц хэсгийг;
4.1.6. ”сан хөмрөг” гэж үзмэр, цуглуулга, түүний хадгалалт хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсэн орон зайг;
4.1.7. ”үзүүллэг” гэж үзмэр, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэлтэй, уран сайхны аргаар дэглэн үзүүлсэн орон зайг.
МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
5 дугаар зүйл. Музей байгуулах
5.1. Музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулна.
5.2. Музейн үзэл баримтлалыг үүсгэн байгуулагч нь батална.
5.3. Музейн үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ.
5.4. Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
5.5. Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 8 жил байна. Тусгай зөвшөөрөл цуцлах, сунгах асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
5.6. Эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлээр музейг өмчийн хэлбэр харгалзахгүй мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг үндэсний музей хэрэгжүүлнэ.
5.7. Үндэсний музей төрийн хамгаалалтад байна.
5.8. Төрийн болон орон нутгийн өмчийн музей нь олон нийтийн зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6 дугаар зүйл. Музейн үйл ажиллагааны чиглэл
6.1. Музейн нь дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
6.1.1. соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах;
6.1.2. үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
6.1.3. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
6.1.4. үзүүллэг дэглэх, үйлчлэх;
6.1.5. гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах;
6.1.6. боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах;
6.1.7. сургалт зохион байгуулах;
6.1.8. эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх;
6.1.9. гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
6.1.10. үзмэрийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах;
6.1.11. иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын үнэт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэгт дэглэж ашиглах;
6.1.12. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
6.2. Музей нь үйл ажиллагааны хүрээнд Төсвийн тухай хуульд нийцүүлэн худалдаа, үйлчилгээ эрхэлж болно.
6.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа музейн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 4 жил тутам хараат бус хуулийн этгээдээр үнэлгээ хийлгэнэ. Үнэлгээ хийх аргачлал, үнэлгээ хийх этгээдэд тавих шалгуурыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 6.3-т заасан үнэлгээний тайланг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
6.5. Төрөөс хувийн музейд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. Мэргэжил, арга зүйн дэмжлэгийг энэ хуулийн 5.6-д заасан байгууллага хэрэгжүүлнэ.
7 дугаар зүйл. Музейн үзүүллэг, дэглэлт
7.1. Музей нь үзмэр, цуглуулгыг эргэлтэд оруулах, мэдлэг мэдээлэл түгээх, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор үзүүллэгийг тасралтгүй шинэчлэн дэглэх зарчим баримтлана.
7.2. Төрийн болон орон нутгийн өмчийн музей нь үзэл баримтлалд нийцүүлэн 6 жил тутам үзүүллэг, дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлнэ.
7.3. Түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал болон археологи, палеонтологийн дурсгалыг түшиглэн байгуулсан музейд энэ хуулийн 7.2 дахь хэсэг хамаарахгүй.
8 дугаар зүйл. Музейн үйлчилгээний төлбөр
8.1. Музейн үйлчилгээнд 16 нас хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй хамрагдана.
8.2. Музейн үйлчилгээний төлбөрийг музейн захирал тогтооно.
8.3. Музейн захирал дараах тохиолдолд төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болно:
8.3.1. музейг сургалт, эрдэм шинжилгээний болон бусад зориулалтаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсөн арга хэмжээнд;
8.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан иргэнд;
8.3.3. Ахмад настны тухай хуулийн 3.1-д заасан иргэнд.
8.4. Энэ хуулийн 8.3-т заасан хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хувь хэмжээг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
МУЗЕЙН САН ХӨМРӨГ
9 дүгээр зүйл. Музейн сан хөмрөгийн төрөл
9.1. Музей нь үндсэн болон туслах сан хөмрөгтэй байна.
9.2. Үндсэн сан хөмрөгт музейн үзэл баримтлалд нийцсэн, чиглэл, зориулалт, хэлбэр төрх, үнэ цэнийг бүрэн илэрхийлэх үзмэр хамаарна.
9.3. Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад үзмэр туслах сан хөмрөгт хамаарна.
9.4. Сан хөмрөгийн өрөөг үзмэрийн онцлог шинж, хадгалалтын нөхцөл байдлыг харгалзан төрөлжүүлж зохион байгуулна.
9.5. Музейн сан хөмрөгт үзмэр оруулах, сан хөмрөгөөс үзмэр гаргах хөдөлгөөнийг дүрмээр зохицуулна. Дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.6. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад соёлын өвд хамаарахгүй музейн үзмэр, цуглуулгыг даатгуулж болно.
10 дугаар зүйл. Музейн сан хөмрөгийн бүртгэл
10.1. Музейн сан хөмрөгийн бүртгэл, мэдээллийн үндсэн баримт бичиг нь ерөнхий бүртгэл байна.
10.2. Музейн бүх үзмэр нь сан хөмрөгт авсан он, музейн захирлын шийдвэрийн дугаар, тухайн шийдвэрт заасан дэсийн дугаар бүхий хувийн дугаартай байна.
10.3. Музейн ерөнхий бүртгэлд үндэслэн үндсэн болон туслах сан хөмрөгийн бүртгэлийг үйлдэнэ.
10.4. Энэ хуулийн 10.1, 10.3-т заасан бүртгэлийг музейн бүртгэл, мэдээллийн санч гараар бичиж хөтөлнө.
10.5. Энэ хуулийн 10.4-т заасан бүртгэлийг музейн бүртгэл, мэдээллийн санч хариуцан хадгалах бөгөөд музейгээс өөр газарт хадгалах, музейн захирлын зөвшөөрөлгүй бусдад дамжуулах, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулах, засварлахыг хориглоно.
11 дүгээр зүйл. Музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйлийг цуглуулах
11.1. Музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйлийг цуглуулах үйл ажиллагааг сан хөмрөгийн зөвлөл зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн журмыг үндэслэн музейн захирал баталж, мөрдүүлнэ.
11.2. Музей нь дараах хэлбэрээр соёлын үнэт зүйлийг сан хөмрөгт цуглуулна:
11.2.1. музейн хайгуул, малтлага, судалгааны ажлын үр дүнд олж авах;
11.2.2. худалдаж авах;
11.2.3. өв, бэлэглэлийн журмаар авах;
11.2.4. эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлж авах;
11.2.5. өөрийн хөрөнгөөр бүтээлгэх;
11.2.6. хандив, тусламжаар авах;
11.2.7. хуулиар хориглоогүй бусад хэлбэрээр.
11.3. Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн эрхээр хамгаалах бүтээлийг музейн сан хөмрөгт авахдаа оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна.
11.4. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журмыг Засгийн газар батална.
12 дугаар зүйл. Музейн сан хөмрөгөөс үзмэр хасах
12.1. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгөөс түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах үзмэр хасах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар, бусад үзмэр хасах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
13 дугаар зүйл. Музейн аюулгүй байдлын хангах
13.1. Музей дор дурдсан аюулгүй байдлыг хангасан байна:
13.1.1. музейн орчны;
13.1.2. барилга байгууламжийн;
13.1.3. сан хөмрөгийн.
13.2. Энэ хуулийн 13.1-д заасан аюулгүй байдлын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу баталж мөрдүүлнэ.
13.3. Үүсгэн байгуулагч нь харьяалах нутаг дэвсгэрийн онцгой байдлын болон цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран музейн аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
13.3.1. гамшгийн үед сан хөмрөгийг аврах, үйлчлүүлэгч, музейн ажилтныг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, бэлэн байдлыг хангуулах;
13.3.2. гамшигт өртөж болох эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн үнэлгээ (геологийн, газар зүйн, цаг уурын, барилга байгууламжийн, ашиглалт үйлчилгээний гэх мэт) хийлгэх, эрсдэлийг эрэмбэлэх ажлыг Гамшгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллагаар гүйцэтгүүлэх;
13.3.3. олон улсад шинээр нэвтрүүлж байгаа дэвшилтэт техник технологийг судалж нэвтрүүлэх.
13.4. Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.
13.5. Музей гамшиг болон аюулын үед ажиллах нарийвчилсан төлөвлөгөөтэй байна.
13.6. Хог хаягдлын төвлөрсөн цэгээс 2000 метрийн, шатахуун түгээгүүр, тэсэрч дэлбэрэх, дэгдэмхий бодис хадгалах барилга байгууламжаас 1000 метрийн дотор музейн барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, музейн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
МУЗЕЙН АЖИЛТАН
14 дүгээр зүйл. Музейн ажилтан
14.1. Музейд үзмэр цуглуулах, судлах, хадгалах чиг үүргийн хүрээнд үзмэртэй шууд харилцах нийтлэг албан тушаалын жагсаалтыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
14.2. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн захирал, сан хөмрөгч, бүртгэл, мэдээллийн санчийн албан тушаалд төрөл, садангийн хүнийг томилж ажиллуулахыг хориглоно.
15 дугаар зүйл. Музейн сан хөмрөгч
15.1. Музей сан хөмрөгчтэй байна.
15.2. Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгчөөр дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг томилно:
15.2.1. дээд боловсролтой, музей, соёлын өвийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн;
15.2.2. гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
15.2.3. музейн ёс зүйн дүрмийг зөрчиж, хариуцлага хүлээж байгаагүй;
15.2.4. сан хөмрөгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
15.2.5. давхар ажил эрхэлдэггүй байх.
16 дугаар зүйл. Музейн мэргэжлийн ажилтны ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
16.1. Музейн мэргэжлийн ажилтан нь дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг дагаж мөрдөнө:
16.1.1. албаны шугамаар олж авсан хувь хүний өмчид холбогдох соёлын үнэт зүйлийн талаарх мэдээллийг бусдад задруулахгүй байх;
16.1.2. музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эсхүл бусдад давуу байдал олгохгүй байх;
16.1.3. музейн төрөл, үйл ажиллагааны чиглэлд хамаарах соёлын үнэт зүйлийг хувьдаа цуглуулахгүй байх;
16.1.4. соёлын үнэт зүйлсийн хууль бус худалдаанд оролцохгүй байх;
16.1.5. албаны шугамаар олж авсан мэдээллийг ашиг олох зорилгоор бусдад дамжуулах, дамлан худалдахгүй байх;
16.1.6. албан үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах, эсхүл шан харамж авахаар санал тавих, шаардахгүй байх.
МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
17 дугаар зүйл. Музейн үйл ажиллагаанд хяналт тавих
17.1. Музейн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага болон улсын байцаагч хяналт тавина.
17.2. Музейн үйл ажиллагаанд олон нийтийн зөвлөл хяналт тавьж болно.
18 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1. Музейн тухай хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд, хувь хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Монголын үндэсний музейн үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах амжилтнуудын мөрдөх журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Тус музейн үзмэр, цуглуулга нь Монголын ар түмний олон үеийн турш бүтээсэн эдийн болоод оюуны соёлын үнэт өв, давтагдашгүй, нөхөн бүтээгдэшгүй, үндэсний баялаг, нийгэм-соёлын онцгой ач холбогдолтой эд зүйлс төдийгүй дэлхийн соёлын өвийн нэгэн хэсэг мөн. Энэхүү соёлын өв, үзмэр цуглуулгыг хайрлан хамгаалах, хадгалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь монголын төр, засаг захиргаа, соёл, гэгээрлийн байгууллагууд, музейн салбарын ажилтнууд хийгээд иргэн хүний эрхэм үүрэг юм. Энэхүү журмаар тус музсйн, үзмэр, цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудын үйл ажиллагаа, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулна.
1.2. Тус музейн албан ёсны шийдвэрээр сан хөмрөгт авч, үнэлгээ тогтоосон, үзмэрийн хувийн дугаар авсан бүх эд зүйлсийг ашиглалт, байршил харгалзахгүйгээр музейн үзмэр цуглуулга гэж үзнэ.
1.3. Үзмэр, цуглуулгын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, арчлах, цэвэрлэх, тоолох, бүртгэх, сэргээн засварлах, судлах, музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд дэглэх, дэглэлтийг өөрчлөх, гадаад дотоодын үзэсгэлэнд гаргах, сурталчилах, хэвлэн нийтлэх, сургалтанд ашиглах зорилгоор гар хүрэх, байршлыг өөрчлөх, зөөвөрлөх, шилжүүлэх. тээвэрлэх үйл явцыг үзмэр цуглуулгатай харьцах үйл ажиллагаа гэж хэлнэ.
1.4. Журмын 1.3-т заасан үйл ажиллагаанд оролцогсдыг албан тушаал харгалзахгүйгээр үзмэр цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнууд гэнэ.
1.5. Олон улсын музейн зөвлөлийн зааварчилгаанд заасны дагуу музейн үзмэр цуглуулгад зайлшгүй тохиолдлоос бусад үед аль болох олон удаа гар хүрэхгүй байх зарчимыг баримтлана.
1.6. Үзмэр цуглуулгатай харьцах бүрт ажилтнууд тухайн үйл явцтай холбогдох бусад дүрэм, стандарт, журам, заавар зэргийг баримтлахаас гадна мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоо бүрэн ашиглаж, олон улсын музейн ажилтны ёс зүйн дүрмийн баримтлан ажиллана.
Хоёр: Үзмэр цуглуулгатай харьцах дадал, бэлтгэл
2.1. Үзмэр цуглуулгатай байнга болон түр хугацаагаар харьцах бүх хүмүүст үзмэр цуглуулгатай харьцах анхан шатны болон өдөр тутмын зааварчилгааг музейн арга зүйч, сэргээн засварлагч, сан хөмрөгийн эрхлэгч нар өгнө. Музейд шинээр орсон болон үзмэр, цуглуулгатай ямар нэг байдлаар харьцаж ажиллах музейн ажилтнуудыг музейн захирлын тушаалаар тодорхой хугацаанд, шат дараалалтай дадлагажуулж сургана.
2.2. Үзмэр цуглуулгатай харьцахдаа аль болох биед эвтэйхэн хувцас, хальтрахгүй нам өсгийтэй гутал, тухайн эд зүйлд хүрэхэд тохиромжтой, хор хөнөөл учруулахгүй, харилцан урвал үүсгэхгүй бээлий, амны хаалтыг сонгон өмсөнө. Бээлийгүй харьцах шаардлагатай үзмэр байна.
2.3. Үзмэр цуглуулгатай харьцахдаа тухайн үзмэрийн хэмжээ, онцлогг тохирсон хайрцаг баглаа боодол, жийрэг, хөдөлгөх хүч, багаж хэрэгслийг бэлтгэсэн байна.
2.4. Музейн удирдлага үзмэр цуглуулгатай харьцах үйл ажиллагаанд шаардагдах өрөө тасалгаа, шүүгээ, багаж хэрэгсэл, баглаа боодол, хайрцаг сав, тоног төхөөрөмж, эд зүйлсээр хангаж өгөх үүрэгтэй.
2.5. Үзмэр цуглуулгын энэ журмын 1.3-т заасан зорилгоор хөдөлгөхдөө заавал захирлын тушаалыг үндэслэж, бусад холбогдох дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.
Гурав: Үзмэр цуглуулгатай харьцах үйл явц, хариуцлага
3.1. Энэ журмын 1.3-т заасан тохиолдлууд нь үзмэр цуглуулгыг хөдөлгөх, үзмэртэй харьцах үндэслэл болно.
3.2. Энэ журмын 2.2-т заасныг үндэслэн үзмэр цуглуулгыг сан хөмрөгөөс гаргах бүх үйл явцыг сан хөмрөгийн алба, сан хөмрөгийн эрхлэгч нар холбогдох дүрэм, заавар, журмын дагуу гүйцэтгэнэ.
3.3. Сан хөмрөгийн эрхлэгчийн хэн нэгэн эзгүй үед шаардлага гарсан тохиолдолд Сан хөмрөгийн албаны журмын 3.9, 4.2.13-т заасны дагуу албаны хэвийн үйл ажиллагааг ханган ажиллана. Сан хөмрөгийн эрхлэгчийн буруутай үйлдлээс албаны хэвийн үйл ажиллагаа тасалдсан тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 -т заасан хариуцлага тооцно.
3.4. Олон хүний хүч хөдөлмөр шаардагдах овор хэмжээ ихтэй үзмэрийг хөдөлгөхдөө захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг, музейн арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч нарын төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу харьцаж хөдөлгөнө. Энэ үйл явцад гарсан бүх зөрчил дутагдлыг тухайн үед үзмэр цуглуулгатай харьцах үйл явцад оролцсон ажлын хэсэг, ажилтнууд хариуцана. Хөдөлгөөний акт болон бусад холбогдох баримт бичигтэй холбоотой зөрчил дутагдлыг сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч хариуцана.
3.5. Эрдэм шинжилгээний ажилтан нар болон бусад ажилтнууд үзмэр, цуглуулах судлах, тодорхойлолт хийх зорилгоор сан хөмрөгийн албанд бичгээр хүсэлтээ гаргаж, захирлын тушаалаар сан хөмрөгийн эрхлэгчээс 20-иос дээшгүй үзмэрийг 14 хоногийн хугацаагаар түр хүлээн авч, музейгээс гаргаж өгсөн өрөө тасалгаа, аюулгүй орчинд, тусгай цоож, түлхүүр, лац бүхий сейфэнд хадгалж судална. Сан хөмрөгийн эрхлэгчээс албан ёсоор хүлээн авснаас буцааж хүлээлгэн өгөх хүртэлх үеийн үзмэр цуглуулгын бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөний актанд гарын үсэг зурж хүлээж авсан эрдэм шинжилгээний ажилтан бүрэн хариуцана. Үзмэр, цуглуулгыг ноцтой гэмтээх эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д заасан хариуцлага тооцно.
3.6. Сан хөмрөгийн эрхлэгч нь эрдэм шинжилгээний ажилтнууд, музейн бусад ажилтнууд болон томилогдсон ажлын хэсэгт үзмэр цуглуулгыг түр болон байнгын үзэсгэлэнд дэглэх зорилгоор сан хөмрөгөөс гаргахдаа заавал захирлын тушаалыг үндэслэл болгоно.
3.7. Сан хөмрөгийн өрөөнөөс зөвшөөрөгдсөн ажилтанд захирлын тушаалын хэрэгжилтийг биелүүлж үзмэрийг хүлээлгэн өгөхдөө үзмэр бүрийг зөвшөөрөгдсөн маягтын дагуу акт үйлдэн, хадгалалт хамгаалалтын байдал болон гэмтэл, онцлог шинж зэргийг тусгайлан бичиж тэмдэглэнэ. Энэхүү баримтыг хөтөлж, үзмэрийг зөөх хүнээр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Үзмэрийг зөөхөөр хүлээн авсан ажилтан болон ажилтнууд тухайн үзмэрийг сан хөмрөгөөс байнгын болон түр үзэсгэлэнгийн танхим болон бусад хэсэгт хүртэл зөөх явцад бүрэн бүтэн байдлыг хариуцана. Үзмэрийг зөөж буй хүн нь энэ журмын 2-р бүлэгт заасан дадлыг эзэмшиж, бэлтгэл хангасан байна. Зөөх явцдаа үзмэр цуглуулгыг өөр хүнд дамжуулахыг хатуу хориглоно. Тухайн үзмэрийг байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд дэглэх ажлын хэсэгт хүлээлгэн өгч, үзмэрийн жагсаалт бүхий актанд эвдрэл, гэмтэлгүй хүлээлгэн өгснийг баталгаажуулан гарын үсэг зурна. Үүнээс хойш үзмэрийн бүрэн бүтэн байдлыг тухайн үзмэртэй харьцаж, дэглэх ажилтнууд хариуцана. Дээрх хөдөлгөөний үйл явцад үзмэр, цуглуулгыг зөөх явцдаа бусдад шилжүүлсэн, ноцтой гэмтээсэн эсвэл үрэгдүүлсэн тохиолдолд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 60.1.7[1] болон Монголын Үндэсний музейн хөдөлмөрийн дотоод журмын 12.5[2]-д заасан хариуцлага тооцно. Тухайн үзмэр, цуглуулгыг үзэсгэлэнд дэглэж дууссаны дараа үзмэр харагч болон дохиолол, аюулгүй байдлын ажилтанд хүлээлгэн өгч, хүлээлцсэн акт үйлдэнэ.
3.8. Үзмэр харагч болон үзэсгэлэн дэглэх үйл ажиллагаанд оролцож, үзмэртэй харьцах ажилтан бүр зөвхөн тухайн ажлын хэсгийн ахлагчийн зааврын дагуу, үзмэртэй туйлын нарийн нямбай, арга зүйн дагуу ажиллана. Тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа үзмэрт ямар нэгэн гэмтэл учруулбал Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулнйн 31.1-т заасан хариуцлага хүлээнэ.
3.9. Байнгын болон түр үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр цуглуулгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг үзмэр харагч, Аюулгүй байдал, үйлчилгээннй алба бүрэн хариуцана.
3.10. Үзмэр цуглуулгын байршил харгалзахгүйгээр хадгалалт хамгаалалтын орчины горимыг музейн сан хөмрөгийн эрхлэгч, арга зүйчид, сэргээн засварлагч нар тогтсон хугацаанд хянаж, шаардлагатай үед санал зөвлөгөөг Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэст албан ёсоор мэдэгдэж шийдүүлнэ.
3.11. Байнгын болон түр үзэсгэлэнгээс буух, солих шаардлагатай болсон үзмэрийг хөдөлгөхдөө тухайн танхим, түр үзэсгэлэнг хариуцсан ажилтан захиргаанд албан хүсэлт гаргаж, захирлын тушаалаар холбогдох дүрэм, журам, зааврын дагуу сан хөмрөгийн эрхлэгчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө бүртгэл мэдээллийн санч, тухайн үзэсгэлэнгийн танхим хариуцсан үзмэр харагч зэрэг хүмүүсийг байлцуулан буулгаж, сан хөмрөгийн өрөөнд зөөж оруулна. Энэ үйл явцад гарсан зөрчил дутагдлыг тухайн эрдэм шинжилгээний ажилтан болон уг үйл ажиллагааг гардан болон хамтран гүйцэтгэсэн албан ёсны ажилтнууд хариуцана. Сан хөмрөгт оруулсны дараа үзмэрийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлын талаар акт үйлдэн, хоёр тал гарын үсэг зурж хүлээлцэнэ. Үүнээс хойш сан хөмрөг дотор байршуулах явцын үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сан хөмрөгийн эрхлэгч бүрэн хариуцана.
3.12. Байнгын болон түр үзэсгэлэнд дэглэгдсэн үзмэр цуглуулгатай захирлын тушаал, хүлээн авсан ажилтнуудын зөвшөөрөл, хяналтгүйгээр харьцах, хөдөлгөхийг хатуу хориглоно. Зөвшөөрөл, хяналтгүйгээр үзмэр цуглуулгатай харьцах болон энэ үед гарсан зөрчил дутагдлыг тухайн зөрчил гаргасан ажилтан бүрэн хариуцана.
3.13. Дотоод, гадаадад түр үзэсгэлэн гаргах үед үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж, зөөвөрлөх, тээвэрлэх, дэглэх үйл ажиллагааг тусгай гэрээгээр зохицуулна.
3.14. Сэргээн засварлах шаардлагатай болсон үзмэр цуглуулгыг сан хөмрөгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, сэргээн засварлагчид болон бусад шинжээчийн санал хүсэлтэд үндэслэн захирлын тушаалаар сэргээн засварлагч болон сэргээн засварлах эрх бүхий улсын байгууллагад холбогдох акт, баримт бичгийг бүрдүүлэн хүлээлгэн өгнө.
3.15. Үзмэр цуглуулгыг сэргээн засварлуулахаар сан хөмрөг болон үзэсгэлэнгээс гаргаж, тухайн цуглуулга хариуцсан сан хөмрөгийн эрхлэгч хүлээн авснаас хойш сэргээн засварлагч болон сэргээн засварлах газарт хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч, сэргээн засварлагч нар бүрэн хариуцана.
3.16. Сэргээн засварлуулахаар тээвэрлэх болон зөөвөрлөх үеийн аюулгүй байдалд музейн удирдлага, Сан хөмрөгийн алба болон Аюулгүй байдал, үйлчилгээний алба хяналт тавьж, тухайн ажлыг гүйцэтгэхээр албан ёсоор томилогдсон ажилтнууд дүрэм, журам, зааврыг баримтлан, хариуцлагатай ажиллана.
3.17. Сэргээн засварлахаар албан ёсоор хүлээн авснаас хойш сэргээн засварлаж дууссаны дараа буцаан хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд тухайн үзмэр цуглуулгын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хүлээн авсан сэргээн засварлагч, байгууллага бүрэн хариуцана.
3.18. Мөн үзмэр цуглуулгыг гадны хувь хүн болон албан байгууллагын санал хүсэлтээр захирлын тушаал гарсны дагуу үзүүлэх, гэрэл зураг авах зэрэг үйл ажиллагааг сан хөмрөгийн албаны дарга, хариуцсан сан хөмрөгийн эрхлэгч, бүртгэл мэдээллийн санч нар бүрэн хариуцаж, хяналт тавьж ажиллана.
3.19. Гадны судлаач болон гэрэл зурагчид үзмэр цуглуулгын аюулгүй болон бүрэн бүтэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр үйлдэл хийсэн тохиолдолд тухайн үйл явцыг даруй зогсоож, удирдлагад мэдэгдэнэ. Ийнхүү санамсаргүй болон санаатайгаар үзмэр цуглуулгад хор хохирол учруулсан бол тухайн хариуцлагыг гадны судлаач болон гэрэл зурагчид бүрэн хариуцаж, хуулийн өмнө хариуцлага хүлээнэ.
3.20. Үзмэр цуглуулгыг арчлах цэвэрлэх зорилгоор харьцахдаа сэргээн засварлагч, сан хөмрөгийн эрхлэгч, музейн арга зүйчдийн боловсруулж, захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталгаажуулсан цэвэрлэгээний журмыг баримтлан ажиллана.
3.21. Сан хөмрөгийн эрхлэгчид өөрсдийн хариуцсан сан хөмрөг дэх үзмэр цуглуулгыг аль болох тогтмол арчилж цэвэрлэх шаардлагатай бөгөөд чингэхдээ сэргээн засварлагч, музейн арга зүйчдийн зөвлөгөө тусламжыг авч болно.
3.22. Үзмэр цуглуулга солигдсон, үрэгдсэн тохиолдолд сан хөмрөгийн эрхлэгч нар яаралтай албаны дарга болон музейн удирдлагад мэдэгдэнэ.
3.23. Үзмэр харагч нь байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд буй зарим ил үзмэрүүдийг сэргээн засварлагч, музейн арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч нарын зөвлөснөөр тоггмол хөнгөн цэвэрлэгээ хийж болно. Харин хоргонд буй үзмэрүүдийг захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хамт цэвэрлэнэ.
3.24. Үзмэр цуглуулгыг байршил харгалзахгүйгээр арчлах цэвэрлэх явцын бүрэн бүтэн байдлыг тухайн ажлыг гүйцэтгэж буй ажилтан бүрэн хариуцана.
3.25. Үзмэр цуглуулгатай харьцаж ажиллах ажилтнуудаас үл шалтгаалан үүсэх байгалийн давагдашгүй хүчин зүйл болон бусад хүмүүсийн буруутай уйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зөрчил дутагдлыг тухайн ажилтан хариуцахгүй
– оОо –
60.1.7. соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжоор тогтоосон хориглолт, журам, стандарт зөрчсөн, анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулсан, зөвшөөрөлгүй хөдөлгөж, зөөж тээвэрлэсэн бол учруулсан хохирлыг төлүүлж, иргэнийг 500000 төгрөгөөр, үүрэг бүхий этгээдийг 1000000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000000 төгрөгөөр торгох;
12.5. Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцох бөгөөд тэдгээрийг нэг удаа гаргасан тохиолдолд байгууллага ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй. Үүнд:
12.5.1. Ажлын байранд буюу ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэсэн
12.5.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан
12.5.3. Байгууллагын эд хөрөнгийг өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ноцтой гэмтээсэн, устгасан, хулгайлсан, завшсан, үрэгдүүлсэн, зөвшөөрөлгүй ажлын байрнаас гадагш гаргасан.
12.5.4. Байгууллагын ба байгууллагын удирдлагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан,
12.5.5. Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын журам, зааврыг зөрчсөн
12.5.6. Байгууллагын нууцын жагсаалтад орсон нууцыг хууль бусаар олж авсан, ашигласан
12.5.7. Ажилтнуудын өөрийнх нь ажил үүргийн хуваарьт байгаа байгууллагын нууцын жагсаалтад орсон нууц задарсан, алдагдсан
12.5.8 Мэдээ тайлан, тооллогын дүн буруу гаргасан.