Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх үүссэн цагаас одоо хүртэлх үеийн монголын түүх, соёл, археологи, угсаатны зүйн үзмэр, цуглуулгыг дэглэн олон нийтэд толилуулж Монголын түүхийг цогцоор нь үзүүлдэг, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх музейг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний төв байгууллага юм.
Байнгын үзүүллэгийн 9 танхимтай, 60,000 гаруй үзмэрцуглуулгатай, түүх, угсаатны зүйн 13 сан хөмрөгтэй, 60 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж, жилдээ 160 000 орчим үзэгч үйлчлүүлэгчдэд хүрч ажилдаг.
Бид гадаад, дотоодын музей, соёлын өвийн байгууллага, их дээд сургууль, хүрээлэн, аялал жуулчлалын компани болон мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөн дэлгэр явуулдаг ба үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо “ISO 9001:2015 стандарт”-ыгнэвтрүүлсэн.
Энэхүү цахим хуудсаар музейн үйл ажиллагаа, эрхэм үзэгч, үйлчлүүлэгч танд шаардлагатай мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх бөгөөд цаашид Монголын түүх, соёлыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх их үйлсэд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно.
ЗАХИРАЛ, ДОКТОР (PH.D) Д.МӨНХТОГОО