Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө цаг үед улс орон бүр өөрсдийн уламжлалт өв соёлоороо ялгарч түүнийг хойч үедээ таниулан сургаж, цаашлаад гадаадын аялагч, жуулчдыг татах гол хүчин зүйлийн нэг болгон хөгжүүлж буй билээ.
Монголын Үндэсний музей дотоод, гадаад жуулчдын ихээр зорин очдог аялал жуулчлалын төв “Цонжин болдог” Чингис хааны морьт цогцолбортой хамтран өөрийн сан хөмрөгөөс “Монголчуудын уламжлалт аж ахуй, соёл” тусгай үзэсгэлэнг дэглэн 2022 оны 11 дүгээр сарын 5-наас 2023 оны 5 дугаар сарыг дуустал олон түмэнд толилуулж байна.
Тус үзэсгэлэнд нүүдлийн мал аж ахуй, идээ ундааны сав суулгатай холбогдох үзмэрүүд болон Тайвань Улсын Үндэсний Ордон музейд хадгалагддаг Монголын эзэнт гүрний хаад, хатдын хөргийн 8 хуулбар зэрэг нийт 145 дэсийн 308 ширхэг үзмэрийг дэглэн үзүүлэхээр зорьж байна.
Сонгодог нүүдлийн мал аж ахуйд адууны үүрэг, ач холбогдол үлэмж их учраас монголчууд адууг ихэд эрхэмлэн дээдэлж ирсэн бөгөөд тус үзэсгэлэнд монголчуудын адууны соёлыг илтгэх халх, баяд ястны эмээл, улмаар мөнгөн хазаар, ногт, ташуур, хусуур, тамга, олон төрлийн хийц бүхий дөрөө, хүүхдийн эмээл цаашлаад гүүн зэл, айргийн хөхүүр, бүлүүр, хөөрцөг, адууг шүтэх итгэл үнэмшилд бий болсон морин хуур хөгжим зэргийг цогц хэлбэрээр дэлгэн үзүүлж буй онцлогтой.
Адуунаас гадна ердийн хөсгийн тээвэрт түгээмэл ашиглагдах үхэр, тэмээний ачилга уналгатай холбогдох буулга, шоохой, тохош, буйл, бурантаг, таван хошуу малын модон сийлбэр, шатар, үйчүүр тоглоом зэрэг сонирхолтой үзмэрүүд дэглэгджээ.
Мөн тус үзэсгэлэнгийн нэгээхэн хэсгийг монголчуудын гал голомт тулга тогоо, домбо, ур үндсээр хийсэн цар, аяга, цайны талхи, олон төрлийн цацал зэрэг үзмэрүүд эзэлж байна. Онцлон өгүүлбэл, цайны сав болох домбоны олон төрлийн хийц хэлбэрийг нэг дороос харьцуулан үзэж, сонирхох боломжтой.