Тус алба нь музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, үйл ажиллагааг сурталчилах, хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, боловсрол-танин мэдэхүйн ажлаар эх оронч үзэл төлөвшүүлэх ажилд анхаарлаа хандуулахын сацуу музейн маркетинг, түр үзэсгэлэнгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Албаны дарга, Тайлбарлагч, Боловсролын ажилтан, Маркетингийн ажилтан, Компьютер графикч, Бүртгэн баримтжуулалтын ажилтан нарын бүрэлдэхүүнтэй.
Музейн үйлчилгээг жуулчдад хүргэх аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах, хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, сургах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Музейн тайлбарлагчид монгол, англи хэлээр жилд дунджаар 12 000 гаруй үзэгчдэд тайлбарт үйлчилгээг хүргэж байна. Мөн үзэгч бие даан музей үзэх боломжийг ханган монгол, англи хэлээрх аудио хөтөч тайлбар, “Музейн хөтөч тайлбарт ном”-ыг 6 хэлээр бэлтгэн үзэгчдэд санал болгодог.
Музейн үзүүллэгт тулгуурласан боловсрол, танин мэдэхүйн ажлыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, Дээд сургуулийн оюутнуудад зориулан тусгай хөтөлбөрийн дагуу музей дээрээ болон сургуульд нь очиж зохион байгуулж байна. Монголын Үндэсний музейн боловсролын ажил нь монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг тал бүрээр түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн, бага насны хүүхдүүд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад зориулсан олон төрлийн хөтөлбөрөөр музейн орчинд танин мэдэхүйн сургалт, идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулна.
Музейн албан ёсны цахим хуудас, олон нийтэд зориулсан мэдээллийн сувгаараа музейн үйл ажиллагааг цаг алдалгүй түгээн ажиллаж байна. Музейн цуглуулга болон хувь хүмүүс албан байгууллагын хүсэлтийн дагуу музейн түр үзэсгэлэнгийн танхимд тусгай үзэсгэлэн зохион байгуулж, үзэсгэлэнгийн мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллээр сурталчилах, үзэсгэлэнгийн сэдвийн дагуу танин мэдэхүйн хөтөлбөр зохион байгуулдаг.
Жуулчны байгууллага музейтэй гэрээ байгуулах, тайлбарт үйлчилгээ авах, боловсролын хөтөлбөрт хамрагдах, түр үзэсгэлэн дэглэх болон музейн олон нийтэд зориулсан мэдээ мэдээллийг авахыг хүсвэл Та манай цахим хуудсанд хандан бидэнтэй холбогдоно уу.
Хүндэт үзэгч, харилцагч байгууллага та бүхний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусгах саналыг музейн захиргаанд уламжлахдаа бид тун таатай байх болно. Эртний түүхийн өв санг үзэгч түмэндээ нээн үйлчлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэн үзэгч Танд нээлттэй, ээлтэй музей байхын төлөө хичээнгүйлэн ажиллана.
Холбогдох утас: 70110913